"COAL MONGOLIA 2017" ЧУУЛГАНЫ ҮЕЭР "МОНГОЛ-ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ФОРУМ" БОЛНО

Image

"Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл" олон улсын чуулга уулзалтыг Бээжин хотод долоо дахь удаа амжилттай зохион байгууллаа. Чуулганд “Эрдэнэс Таван толгой” ХК, МАК, МонЭнко зэрэг Монголын томоохон нүүрс экспортлогч компаниудын төлөөлөл оролцсон юм.

Тус чуулганыг Хятадын нүүрсний үнэ ханш, худалдааны мэдээллийн хамгийн том цахим хуудас болох www.sxcoal.com-ийг эрхлэн явуулдаг Fenwei Energy Information Technology компани зохион байгуулдаг. Тус компани Монгол нүүрс ассоциаци болон “Coal Mongolia-2017” чуулгантай хамтран ажиллах, гурван талт гэрээнд гарын үсэг зуржээ.

Хамтын ажиллагааны үр дүнд Монголын нүүрс экспортын орлого нэмэгдэнэ гэж найдаж байна.

Ингэснээр “Coal Mongolia-2017” нүүрсний салбарын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг өндөр түвшинд  зохион байгуулж, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг идэвхижүүлэх чиглэлд хамтран ажиллах юм байна.

Чуулганы эхний өдөр "Монгол-Хятадын хамтарсан нүүрсний салбарын форум"-ыг зохион байгуулахаар болжээ.

“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Б.Алтаншагай:

-“Coal Mongolia” олон улсын чуулган Монголын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах чиглэлд голлон ажиллаж ирсэн. Энэ зорилт хангалттай биелж, олон уурхай ашиглалтанд орлоо. Одоо зорилтоо дараагийн түвшинд тавьж, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистик, хил гаалийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна. Нүүрсний үнэ өсөж, 2017 онд тогтвортой байх хандлага бий болж, Монгол улс эргээд хөрөнгө оруулагчдын сонирхлын төвд орлоо. Энэ үед Coal Mongolia чуулганы хамт олон Хятадын нүүрсний эцсийн хэрэглэгчид болон, худалдаа, тээврийн компаниудтай маш өргөн харилцаатай Fenwei Energy буюу бидний сайн мэдэх www.sxcoal.com цахим хуудасны хамт олонтой хамтрах болов. Монгол нүүрс ассоциаци Coal Mongolia чуулганыг байнга дэмжиж ирсэн.

Fenwei Energy Information Technology (www.scoal.com) компанийн ТУЗ-ийн дарга Чанг Ижун:

Монгол коксжих нүүрсний нөөц ихтэй, олборлолтын хүчин чадал хангалттай өндөр. Гэвч тээвэр ложистик, хил гаалийн зохицуулалт муу байгаагаас хүчин чадлынхаа тал хувийг ч ашиглаж чадахгүй сул талтай. Fenwei Хятадын нүүрсний худалдаа, тээвэр ложистикийн компаниудтай маш өргөн харилцаатай ажилладаг.

Бид Монголын нүүрсний үнийг зах зээлийн үнэд хүргэхийн тулд худалдан авагчдад бодит өрсөлдөөн бий болгох зорилгоор “Coal Mongolia-2017” чуулгантай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Хамтын ажиллагааны үр дүнд Монголын нүүрс экспортын орлого нэмэгдэнэ гэж найдаж байна гэжээ.  

“Coal Mongolia-2017” уулзалт ирэх есдүгээр сарын 7-9 өдрүүдэд Улаанбаатарт болно.